Монгол угсаатны дээл хувцас бол монгол үндэстний өвөрмөц онцлогийг тодорхойлдог хамгийн энгийн бөгөөд хамгийн үнэмшилтэй соёлын үзүүлэлтийн нэг юм. Монгол угсаатны дээл хувцас нь Монгол орны цаг уур, хүн ардын эрхэлж буй мал аж ахуй, амьдралын хэв маяг, эрхэмлэж заншсан сэтгэлгээний үнэлэмж, дээдлэн хүндэлдэг соёлын хүрээ, дагаж ирсэн нийгмийн хэв журамтайгаа нягт уялдсан онцлогтой. Монголын олон ястны өвөрмөц төрхийг илэрхийлсэн хувцас хэрэглэл нь содон төрх, ур хийцээрээ тэр омог отгийнхоо нэрийг хадгалан өөртөө тохирсон бэлгэдлийг шингээсэн байдгаараа бусдаас ялгарна.
Монгол үндэсний хувцасны гол төлөөлөгч болсон малгай, дээл, бүс, гутал нь өөр өөрийн гэсэн бэлгэдлийн утга агуулгатай байдаг. Үүнд: Мандах төрийн малгай хэмээх нь хурц шулуун, харилтгүйн утга бэлгэдсэн шовгор оройтой малгайгаар хүний биеийг ёстой төртэй, мандан бадарч явахыг бэлгэдсэн байна. Тэгш төрийн дээл хэмээхийн учир нь хүний биеийг төв шулуун, тэгш намбатай байхыг ерөөж ийнхүү нэрлэжээ. Бүтэх төрийн бүс гэдэг нь задгай тасархайг бэхлэн батжуулах, сарнисныг эвлүүлэхийн утгатай. Хан төрийн хантааз гэдэг нь аливаа хүндэтгэл, ёслолд заавал өмсөх төр улсын иргэн, эр, эм хүн мөн гэдгийн баталгаа тул энэ хувцсыг төр улсын өмсгөл хэмээжээ. Түших төрийн гутал нь хүний биеийн тулгуур болсон хөлийн өмсгөл тул тулж түших, бат суурьтай явахыг бэлгэдсэн.
Монгол үндэсний хувцас баруун, зүүн, төв гэж хуваагддаг бөгөөд 20 орчим үндэстэн ястны хувцаснаас бүрдэнэ. Монголчууд хүний буян хишиг нь хувцсандаа хурдаг бөгөөд эрэгтэй хүнийх бүсэнд, эмэгтэй хүнийх бэлний чимэг зүүлтэнд нь тогтдог гэж үздэг. Монгол хувцас нь малгай, дээл, ууж, хүрэм, хантааз, дотуур хувцас, гутал зэргээс бүрдэнэ. Дээл хувцасны гол материал бол торго юм. Монгол хувцас хэдийгээр ястан ястны онцлогийг хадгалах боловч монгол туургатныг илтгэх нэг хэв маягтай, ижил төстэй загвартай байдаг. Эрэгтэйчүүдийн хувцас өөр хоорондоо ялгаатай ч ерөнхий байдал нь аль ч нутагт адилавтар байдаг. Харин эмэгтэйчүүдийн хувцас, түүний дотор эхнэр хүний хувцас хэрэглэл нилээд өвөрмөц бөгөөд тэрхүү ялгаа нь энгэр, нударга, уужны мөр, үсний хэв маяг, чимэглэл, гутал зэрэг дээр тод харагддаг байна.
没有评论:
发表评论